
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд Эрүүл мэндийн яам 204 төсөл, арга хэмжээний 352.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 223.6 тэрбум төгрөгийн санхүүжилт зайлшгүй шаардлагатай гэж үзсэн байна. Шилжих 36 барилга байгууламжийн 174.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 61.2 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй байгаагаас долоон барилга байгууламж төсөвт өртөгийн нэмэгдэлтэй гэж үзжээ. Энэ долоон барилгын нэгт Ахмад настны эмнэлгийн барилга багтсан. Гэвч жил бүр төсөвт шинэ эмнэлгийн асуудал тусгагддаг боловч цаасан дээрээ үлддэг жамтай. Тиймээс Монголын 307 мянган ахмад настны ганц итгэл найдвар нь өнгөрөгч долдугаар сард шинээр томилогдсон сайд Т.Мөнхсайхан л байна. Тэрээр “Сайдаар томилогдсоноор эрүүл мэндийн салбарт хийхийг хүссэн ажил, шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулах боломж гарч ирлээ.Сэтгэл зүрхээ зориулж, зөв чигээ бариад ажиллавал боломжгүй зүйл гэж байхгүй” гэж ярьжээ. Таны удирдаж буй салбарын хамгийн чухал ахмад настан судлалын салбараа хөгжүүлж, ахмадуудынхаа сайн сайхан, эрүүл энх амьдралын төлөө хийх ажил тань Ахмад настны эмнэлгийг хурдан хугацаанд ашиглалтад оруулах юм гэдгийг сануулъя. Энэ шинэ эмнэлэг ашиглалтад орсноор тус эмнэлгээр үйлчлүүлдэг ахмад настны тоо 50 хувиар, эрт илрүүлэг 2.4 дахин нэмэгдэх урьдчилсан тооцоо байгаа юм. Мөн олон улсын стандартын дагуу насны доройтол, хүндрэлээс сэргийлэх хам шинжүүдийг оношлох, хянах багаж төхөөрөмжүүд суурилуулах юм. ХУВИЙН ЭМНЭЛГЭЭС ӨРӨӨ ТҮРЭЭСЛЭН ҮЗЛЭГ ХИЙЖ БАЙНА Ахмадуудыг эрүүлээр урт наслуулах боломжоор хангах зорилготой Геронтологийн үндэсний төвийн асуудал шинэ эмнэлгийн барилга гацсан төдийгөөр хязгаарлагдахгүй ээ. Сүхбаатар дүүргийн XI хороо, Цагдаагийн гудамжинд байрлах Геронтологийн үндэсний төвийн одоогийн байрны нөхцөл байдалтай бид газар дээр нь очиж танилцсан. Гаднаас нь харахад зай талбай томтой, хоёр давхар энэ байрны нэг давхарын 512 метр квадрат талбайн ердөө 16 өрөөнд ахмад настнуудыг үзэж, эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг. Учир нь энэ барилгын хоёр болон нэг давхар нь хувийн эмнэлгүүдэд хувьчлагдсан буюу “Геронтологийн үндэсний төв” гэсэн хаягтай энэ барилгын талбайн тал илүү хувь нь тус төвд хуваарилагдаагүй буюу хувийн хэвшлийнхний мэдэлд байдаг юм. Мөн 1950-аад онд ашиглалтад орсон энэ барилгыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хоёр удаагийн шалгалтаар мөөгөнцөртэй, мэрэгч шавьжтай, үйл ажиллагаа эрхлэх боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Төв бие даасан статустай болсноос хойш дөрвөн захирал удирдахдаа байрыг өөрчлөх, шинэ байр бариулах, түрээсийн байранд шилжүүлэх гэсэн асуудлыг удаа дараа харъяа яаманд тавьсан ч дорвитой шийдэлд хүрээгүй юм. Гэвч үүнээс өөр үйл ажиллагаа явуулах байр байхгүй тул олон ахмадад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэн настны эрүүл мэндийн хэрэгцээнд тулгуурлан үйл ажиллагаагаа өргөтгөхийн тулд хувийн шүдний эмнэлгийн кабинетыг тус төв өөрсдийн нөөц бололцоогоор түрээслэн үйл ажиллагаа явуулж байна. Энэ талаар Геронтологийн үндэсний төвийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний албаны дарга Ч.Одгэрэл “Анх 1977 онд Нэгдсэн гуравдугаар эмнэлэг дээр Өндөр насны кабинетыг нээсэн. Үүний дараа 1988 онд Поликлиникийн гериатрын кабинет, 1999 онд Геронтологи сэргээн засалтын төв болсон. Ийн 2005 онд Төрийн өмчийн хорооноос хувийн хэвшлийн эзэмшилд байдаг энэ барилгад 16 өрөө гаргаж өгсөн. Гэвч барилгын орчин нөхцөл чанарын шаардлага хангахгүй болсон төдийгүй ахмад настны эрүүл мэндийн хэрэгцээ шаардлагад бүрэн гүйцэд хүрсэн үйлчилгээг үзүүлж чадахгүй байна. Энэ барилгад үйл ажиллагаа явуулахгүй гэхээр ахмадууд үйлчлүүлэх газаргүй болно. Тиймээс үйл ажиллагаагаа өргөтгөхийн тулд хувийн эмнэлгээс өрөө түрээсэлж байна” гэж ярьсан юм.Иймээс 2021 оны төсвийн тухай хуульд төсөвт өртгийг 17.6 тэрбум төгрөг, санхүүжих дүнг 10.2 тэрбум төгрөгөөр батлуулах шаардлагатай байна. Засгийн газрын 2021-2024 оны мөрийн хөтөлбөрт манай эмнэлгийг дөрвөн жилийн хугацаанд ашиглалтад оруулахаар тусгасан” гэж ярилаа. Гэвч 2011 онд эмнэлгийн барилгын суурийг цутгаж эхэлснээс хойш бүх Засгийн газар мөрийн хөтөлбөртөө эмнэлгийг ашиглалтад оруулна гэж тусгадаг боловч өнөөдрийг хүртэл амлалтааа ажил хэрэг болгосон Засгийн газар нэг ч алга.
Энэ талаар Геронтологийн үндэсний төвийн зүрх судасны тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор С.Баярсайхан “Ихэнх эмнэлэг ахмад настан үзүүлэхээр очихоор “Хөгшин хүний өвчин, настай чинь холбоотой гэртээ бай” гэсэн үгээр тэднийг гомдоодог. Энэ нь тусгайлсан эмнэлэг байхгүй, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэгдээгүй, эрх мэдэлтнүүд энэ талын зөв ойлголтгүйтэй холбоотой. Ер нь 1990-ээд оноос хойш манай улс ахмадуудаа хаячихсан. Баянхошуу, Нарангийн булаг, Дамбадаржаа, Долоон буудалд юу ч байхгүй хоосон гэрт ганцаараа үгүй бол жоохон хүүхдүүдтэй хамт амьдардаг ахмад настан олон бий. Бид бэлэг тараахаар хэвтрийн ахмад настнуудын нэрийг хорооноос авсан чинь 10 хүний 2-3 нь нас барчихсан байсан. Төр ахмадаа хаясны илрэл нь энэ” гэж ярьсан юм. Энэ мэт тоочоод байвал Монголын төр ахмадуудаа хаясан жишээ, баримт тун олон бий. Б.ДолжинжавЭх сурвалж: “Зууны мэдээ” сонинАхмадуудыг өвчнөөс сэргийлэх тусламж, үйлчилгээ үзүүлэх ганц төвийнхөө үйл ажиллагааг дэмжээд, шинэ байрыг нь барьж өгч чадаагүйн сацуу одоогийн байрных нь хүртээмжийг сайжруулахад ч төр ганц ч оролдлого хийсэнгүй. Ийн Монголын төр ахмадуудаа хэн ч биш мэт үзэж байгаа юм.