Анхны түрүүгээ арслан цолтой хамт авсан Шёодайн ЯРИЛЦЛАГА

Мэргэжлийн сүмогийн Намрын тэмцээн Японы нийслэлд өчигдөр (2020.09.27) өндөрлөлөө.
Цар тахлын үед өөр дэвжээнд хамтарсан бэлтгэл хийхийг хориглосноос гадна хөл хорионы дэглэм тогтоосноос болж бөхчүүд бэлтгэл дутуу байгаа нь харагдсан. Энэ башёд хоёр ёкозүна гэмтлийн улмаас зодоглоогүй бол нийт 13 сэкитори Намрын тэмцээнийг өнжиж, эсвэл голоос нь гарсан байна.
Аваргуудын эзгүйд арслангууд башёг тэргүүлэх үүрэгтэй. Хоёр озэки сайн барилдсан ч түрүүлж чадсангүй. 2020 оны Намрын тэмцээнд сэкивакэ Шёодай 13 даваатай түрүүлж, анхны түрүүгээ авлаа. Мөн озэки цол хүртэх нь ч тодорхой болсон. Холбооны дүрмэнд дараалан түрүүлэх, эсвэл санякү дээр сүүлийн гурван башёд 33 давсан бөхөд озэки цол олгоно гэсэн дүрэмтэй.
Шёодай сэкивакэ болсон Хаврын тэмцээнд 8, долоодугаар сарын башёд 11, Намрын тэмцээнд 13 давж, нийт 32 даваатай тэмцээн дуусгасан. Гэхдээ барилдааны агуулга маш сайн, хоёр озэкиг өвдөг шороодуулсан зэрэг нь үнэлэгджээ.
 

Шёодай Күмамото мужаас төрсөн анхны түрүү бөх юм. Күмамотод 2016 онд хүчтэй газар хөдлөлт болж, 273 хүн амиа алдсан бол энэ жилийн долоодугаар сарын хар салхинаар 65 хүн нас барж, орон гэргүй болсон 762 хүн түр хоргодох газар амьдарч байна.
Сүүлийн үед байгалийн гамшигт нэрвэгдээд байгаа төрсөн нутагтаа тэр бага ч гэсэн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлсэн бол баяртай байх болно гэж Шёодай хэлсэн юм. 
Ингээд түүний ярилцлагыг толилуулья.
 
-Башёд түрүүлсэнд баяр хүргэе.
-Баярлалаа.
-Сэтгэлээ хуваалцаач.
-Одоо хүртэл итгэхгүй л байна.
-Тобизарүтэй хийсэн барилдааны талаар?
-Анх удаа таарч байгаа болохоор барилдахад хэцүү тал байсан.
-Давбал башёд түрүүлэх барилдаан байлаа...
-Амьдралдаа хамгийн их биеэ барьсан, догдолсон барилдаан байлаа. Харин бие зөнгөөрөө мэдрэмжтэй байсан гэж бодож байна.
-Давчихаад нүдээ аньсан?
-Ялснаа мэдэж байсан ч башёд түрүүлсэн гэдгээ ойлгохгүй, нэг сонин мэдрэмж төрж байлаа.
-Күмамото муж, Токиогийн ХАА их сургуулийн анхны түрүү шүү дээ...
-Нутгийн ард олон, их сургуулийн багш нар, сүмо секцний хамт олны тус дэмжлэгийн ачаар түрүүллээ.
-Аав, ээж хоёр тань нутгийнхантайгаа хамт телевизээр үзэн дэмжиж байсан.
-Тэр хоёр надад сэтгэл зүйн дарамт болно гээд ойрдоо огт яриагүй. Аав, ээждээ баярлалаа гэж хэлмээр байна.
-Танд озэки цол олгох боллоо гэсэн мэдээ гарсан.
-Одоохондоо озэки болно гэсэн ямар ч ойлголт, мэдрэмж ч алга.
-Озэки цолны талаар ямар бодолтой байдаг вэ?
-Мэргэжлийн сүмод орохоосоо өмнө л болох сон, хүрэх сэн гэж боддог байсан цол. Сүмочид бүгд л хүсдэг цол гэж боддог болохоор одоо ч итгэхгүй л байна.
-Анхны түрүүгээ авлаа.
-Нэг, долоодугаар сарын тэмцээнд түрүүлэх тун дөхөөд чадаагүй. Тэр туршлага тус болсон гэж бодож байна.

https://zindaa.mn/3egb
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ